Skip to content

Дэлхийн аваргын маргаан будлиан

December 1, 2006

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах санааг анх тэр үеийн Олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жюль Риме гаргажээ. 1926 оны 5 сард болсон ФИФА гийн хурал дээр Риме хөл бөмбөгийн хамгийн том тэмцээн олимп байж таарахгүй хэмээн мэдэгдсэнийг гүйцэтгэх зөвлөл хүлээж аван 4 жилд нэг удаа явуулж байхаар шийджээ. Гэвч хамгийн анхны тэмцээнээсээ эхлээд л ДАШТ хэрүүл маргаантай явагдаж эхэлсэн юм. Ингээд ДАШТ дээр болсон хамгийн том будлиануудаас танилцуулья.

Уругвай-1930
Зохион байгуулалтын маргаан. 1929 онд болсон ФИФА гийн хурлаар анхны ДАШТ ийг зохион байгуулагчаар Уругвайг сонгосон. Яагаад гэвэл энэ орон 1924, 1928 оны олимпод түрүүлсэнээс гадна 1930 онд тусгаар тогтнолых нь 100 жилийн ой тохиож байснаас тэр. Гэвч Ёвропын олон орны хөл бөмбөгийн холбоодод тамирчдаа Өмнөд Америк явуулах зардал олдсонгүй. Мөн багуудын удирдагууд ч тоглогчоо хэдэн долоо хоногоор шигшээ багт очиход дургүйцэж байсан нь ч нөлөөлж, Англи, Шотланд, Уэльс, Испани, Итали, Австри, Унгар, Чехословак, Герман, Швейцар гэсэн орнууд оролцохоос татгалзсан. ФИФА гийн ерөнхийлөгч биечлэн гуйж, зарим зардлыг нь дааж байж нэг юм Бельги, Румын, Франц, Югославыг оролцуулахаар болов. Нийт 13 орон оролцсон анхны тэмцээнд гэрийн эзэн Уругвай тэргүүлжээ.1930 оны 7 сарын 30 нд болсон шөвгийн тоглолт шүүгч гарж ирээгүйн улмаас бүтэн цаг саатсан байна. Энэ үед шүүгч Жон Лангенус цэнгэлдэхэд шүүгчийн хуурамч үнэмлэхээр нэвтрэхийг оролдсон 20 орчим балиашигтай хамт цагдаагийн газар хоригдож байлаа. Зохион байгуулагчид яаран шүүгчээ суллан авчирсан ч тоглолт бас л шууд эхэлсэнгүй. Энэ удаад  шөвөгт үлдсэн Уругвай болон Аргентинчүүд аль орны бөмбөгөөр тоглохоо шийдэж чадалгүй маргалдаж эхлэв. Тэр үед бөмбөг хийх нэгдсэн стандарт байгаагүй тул материал нь ч ,хэмжээ нь ч огт өөр байлаа. Сугалаа сугалсаны эцэст эхний үе аргентиний, сүүлийн үеийг уругвайн бөмбөгөөр тоголжээ.
Итали-1934
Анхны ДАШТ хөл бөмбөгийн ертөнц төдийгүй дэлхий даяар их сонирхол татсан. Мөн 250 мянган долларын ашиг олсон нь тэр үед асар их мөнгө байв. 1934 оны ДАШТ ийг нутагтаа авахаар Швед Италичууд өрсөлдөв. 1932 онд болсон хурлаар энэ эрхийг Италид өгсөн байна. Италийн диктатор Муссолини хөл бөмбөгийг үзэл суртлын дайны том хэрэгсэл хэмээн үзэж байсан тул хөл бөмбөгт мөнгө хайрлахгүй зарж байлаа. Тэрээр ФИФА д урьд өмнө байгаагүй сайхан тэмцээн зохионо гэсэн амлалт өгж байж эрх авсан байна. Харамсалтай нь дахиад л бойкот зарлагчид гарж ирэв. Дэлхийн аварга уругвай оролцохгүй гэдгээ зарлалаа. Тэд нутаг дээр нь болсон анхны тэмцээнд ирээгүй Ёвропын багуудаас хариугаа авж байна хэмээн зарласан бол зарим хэвлэл Муссолинигийн фашист дэглэмийг эсэргүүцсэн хэрэг гэж, Италийн сонингууд уругвайчууд айгаад ирсэнгүй гэх зэргэээр мэдээлэв. Уругвайтай санаа нэгдэн Перу, Боливи, Парагвай, Чилийн баг Италид ирсэнгүй. Дэлхийн аваргаар Италичууд шалгарж, үндэстний баатрууд болцгоов.
Франц-1938
1936 оны ФИФА ээлжит хурал дээр аргентинчүүд ДАШТ зохион байгуулах хүсэлт гаргаж, Ёвроп Өмнөд Америкт ээлжлэн явуулж байх санал тависан. Гэвч ФИФА анхны тэмцээний гашуун туршлагыг санаж байсан тул Ёвропт явуулсан нь найдвартай хэмээн шийджээ. Тэр тусмаа Францад хийе хэмээн ерөнхийлөгч Жюль Римегийхээ нутгыг дэмжсэн байна. Яах ч аргагүй болсон аргентинүүд тэгвэл биднийг урьдчилсан тоглолтгүйгээр ДАШТ д оруул гэсэн шаардлага тавин хүлээж аваагүй тул оролцохгүй гэдгээ зарласан. Холбооныхоо шийдвэрт хилэгнэсэн аргентиний балиашгууд Буэнос-Айрест үймээн гаргаж хэд хэдэн хүн баригджээ. Хагас шигшээ тоглолтод Бразилийн багийн хамгаалагч да Гия Италийн Пиолог хөл рүү нь өшиглөсөн. Гэхдээ талбайн гадна өшиглөсөн бөгөөд шүүгч да Гияг талбайгаас хөөхийн оронд 11 метрийн цохилт хийх эрх Италид өгсөн байна. Ялагдсан Бразилчууд эсэргүүцэл илэрхийлсэн ч амжилт олсонгүй. Итали Унгарын багийн хооронд болсон шигшээ тоглолтын өмнө Италийн дасгалжуулагч Поццод Муссолинигээс ялалт эсвэл үхэл гэсэн цахилгаан ирсэн гэдэг. Дэлхийн 2 дайн дууссаны дараа энэ явдал анх удаа хэвлэл мэдээллээр ил гарсан ч тэр үед дасгалжуулагч тамирчиддаа шууд уншиж өгсөн байна. Италичууд 4-2 оор хожин аварга болсон ч унгарыхан албаар ялагдаж өгсөн байх гэсэн таавар байдаг. Унгарын ахлагч Шароши ялагдсаныхаа дараа би сайн үйл бүтээжээ. Ийм сайхан 11 залууг үхлээс авраад гэж ярьсан гэдэг. Удалгүй дэлхийн 2 р дайн эхэлсэн тул италичууд аварга цолоо 12 жил зүүсэн юм.
Бразил-1950
1946 онд 1950 оны ДАШТ зохион байгуулах эрхийг Бразилд өгсөн. Учир нь Өмнөд Америк дайны хөлд сүйдээгүй. Тэгээд ч Бразилд 200 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх барин амжилттай явуулах баталгаа гаргажээ. Энэ удаа ч бас Аргентин оролцсонгүй. Албан ёсны мэдэгдэлдээ хөрөнгө мөнгөний хүндрэлээс болоод хэмээн зарласан ч үнэн хэрэгтээ Аргентиний ерөнхийлөгч генерал Перон өрсөлдөгч бразилийг ялж чадахгүй гэдгээ мэдэж байсан тул хөл бөмбөгийн холбоондоо оролцохгүй байхыг тушаасан байна. Перон зэрлэг сармагчны орон руу явж болохгүй гэж тушаалдаа бичсэн байсан нь 1983 онд цэргийн дэглэм унасны дараа тодорхой болжээ.      
Чили-1962
1962 оны 6 сарын 2 хөл бөмбөгийн түүхэнд Сантьяагогийн тулаан нэрээр тэмдэглэгджээ. Хэсгийн тоглолтод таарсан Итали Чилийн хөл бөмбөгчид талбай дээр зодолдож, шүүгч зогсоож чадаагүй тул цагдаагийхан хүрэлцэн ирсэн байна. Тоглолт дуустал 3 удаа цагдаа нар талбай дээр гарж, зохицуулалт хийжээ. 2-0 харьцаатай Чилийн баг ялан тоглолт дуусахад зодоон улам хүчтэй өрнөж, багуудыг өөр өөр хаалгаар гаргасан гэнэ. Гайхалтай нь тоглогчдод ямар ч шийтгэл оногдсонгүй. Тоглолтыг шүүсэн Кен Астон 1966 онд гэрлэн дохио хүлээж байхдаа энэ тоглолтыг дурсан санаж байгаад шар улаан карт хэрэглэвэл гэсэн санаа олсон нь 1970 оны ДАШТ ээс хэрэгжжээ. Бразил Чилийн тоглолт дээр Гарринча өөрийг нь дэгээдэж унагаад байсан Рохасыг хөөж очин өшиглөж унагаасан бөгөөд шүүгч хоёуланг нь талбайгаас хөөжээ. Дараагийн тоглолтод оролцох эрхээ хасуулсан Гарринчаг өршөөхийг хүсэн Бразилийн ерөнхий сайд Невес ФИФА д захиа бичихэд гайхалтай нь ФИФА зөвшөөрсөн байх юм.
Англи-1966
1966 онд ФИФА Английн хөл бөмбөгийн холбоонд аваргын цомыг сурталчилгаанд ашиглахыг зөвшөөржээ. Үзэсгэлэнд тавигдсан байсан алтан цом хулгайд алдагдаж том шуугиан үүсэв. Маргааш нь хөл бөмбөгийн холбоонд 15 мянган доллар өгөхгүй бол цомыг хайлуулна гэсэн захиа ирсэнээр цагдаагийн газар ажилдаа орлоо. Гэмт хэрэгтэнг барьж чадсан ч цом нуусан газрыг хэлүүлж чадсангүй. 3 сарын 25 нд Пиклс нэртэй нохой цомыг олсоноор хэрэг дууссан. Нохойны эзэн 6 мянган фунтын шагнал хүртэж, хулгайч 2 жилийн ял авсан байна. Англи Аргентиний тоглолтын үед Аргентиний ахлагч Раттин шүүгчийн хажуугаар өнгөрөхдөө харааж загнасан байна. Испани хэл мэддэг герман шүүгч тоглогчийг талбайгаас хөөсөн ч Раттин гарж өгсөнгүй. 10 минут өнгөрсөний эцэст цагдаа нар хүч хэрэглэн авж явсан ч талбай дээр зодоон болон бас л цагдаа гарж ирлээ. 1-0 харьцаатай Английн баг ялан тоглолт дуусахад аргентинчууд хувцас солих өрөөрүү буцах замдаа тааралдсан зүйлсийг эвдлэн сүйтгэсэн байна. Тоглолтын дараа Английн дасгалжуулагч Рамси аргентиний хөл бөмбөгчдийг адгуусан амьтад гэж нэрэлсэн бол Аргентинд Английн эсрэг хөдөлгөөн өрнөсөн. Английн хөл бөмбөгийн холбооноос Аргентинийг ФИФА гаас хасах санал хүртэл гарсан гэдэг.
Мексик-1970
Урьдчилсан тоглотын үеээр Гондурас Сальвадор багийн тоглолтоос болж жинхэнэ дайн гарсан нь түүхэнд хөл бөмбөгийн дайн хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 1969 оны 6 сард хоёр улсын баг 3 тоглолт хийж хэн нь ДАШТ д оролцохоо шийдэх ёстой байв. 1969 оны 6 сарын 8 нд Гондураст болсон эхний тоглолтод гэрийн эзэд 1-0 хожив. Энэ үед гондураст Сальвадорын засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон байна. 15 ны өдөр Сальвадорт болсон тоглолтод Сальвадорчууд 3-0 хожжээ. Энэ үед эмх замбараагүй байдал үүсэн хотод Гондурасын балиашгууд тамирчид зодуулав. Хариуд нь Гондураст Сальвадорчуудыг ангуучилж, дипломат ажилтнууд ч халдлагад өртжээ. Сүүлийн тоглолт Мехикод болж, 3-2 оор Сальвадор ялахад Гондураст Сальвадорчуудыг алж хядан дээрэмдэж эхэлсэн байна. Хоёр улс эрт үеээс найр муутай байсныг хэлэх үү хөл бөмбөг тэр өш хонзонг нь бүр дэврээгээд өгсөн хэрэг. Олон мянган дүрвэгчид аллагаас зугтан нутагруу гаа зугтаж эхлэхэд Сальвадорын засгийн газар 6 сарын 28 нд Гондурастай дипломат харьцаагаа таслан ,7 сарын 14 нд цэргээ оруулсан байна. Америкийн Улсуудын зөвлөлөөс цэргээ гаргах шаардлага тависны хариуд Сальвадор иргэдийхээ амь насны төлбөрийг нэхэмжилж, аюулгүй байдлыг хангахыг шаардсан байна. Эдийн засгийн хориг авахаар сүрдүүлсний эцэст 7 сарын 20 нд байлдааны ажиллагаагаа зогсоон, 8 сарын эхээр цэргээ гаргажээ. 6 өдөр үргэлжилсэн энэ дайнд 3000 хүн амь алдсаны 2,5 мянга нь гондурасчууд байлаа.

ХБНГУ-1974
Урьдчилсан тоглолтын дүнд ЗХУ ын баг Чилитэй тоглож, ялсан нь оролцох болоод байв. Гэтэл 1973 оны 9 сарын 11 нд Чилид төрийн эргэлт гаран ЗХУ ын дэмжиж байсан Альендагийн засаг унаж, генерал Пиночет төрийн эрхэнд гарав. Хоёр багийн эхний тоглолт 9 сарын 26 нд Москвад болон 0-0 тэнцжээ. 10 сард ЗХУ хоёр дахь тоглотыг гуравдагч оронд явуулахыг шаардан төрийн эргэлтийн үеээр шорон болгон ашиглаж байсан стадионд тоглохгүй гэдгээ мэдэгдэв. ФИФА зөвшөөрөөгүй тул ЗХУ тоглохоос татгалзаж, ФИФА гаас Чилийн багийг 3-0 харьцаатай ялсан гэж үзэн Чилийн баг ДАШТ д оролцжээ. 1974 оноос анх сэргээшийн шинжилгээ хийсэн ба Гайтигийн Жозеф баригдан нутаг буцсан бөгөөд онгоцноос буугаад л сураггүй алга болсон гэнэ. Хувийн шийтгэл хүртсэн болуу гэж яригддаг аж.Аргентин-1978
Хагас шигшээ тоглолтод Аргентинчууд Перугийн хүчтэй багийг 6-0 оор ялан шөвөгт үлдлээ. Оноо тэнцүү байсан Бразилийг оруулсан бөмбөгийн зөрүүгээр ялахад хэрэгтэй бөмбөгөө хийсэн тул шууд л хэвлэл мэдээллээр найраа болсон хэмээн бичигдэж эхэлсэн. Бүхэл бүтэн ном хүртэл гаржээ. Хэвлэлд бичигдсэнээр бол тэр үеийн Аргентиний цэргийн засгийн газрын тэргүүн байсан генерал Видела Перугийн армийхантай хэлэлцээ хийж найраагаа тохирсон гэх ба Перу 50 сая доллар, 35 мянган тонн гурил авсан гэнэ. Перугийн шигшээгийн бүх тоглогч тус бүр 20 мянган ногоон бэлнээр авсан гэдэг яриа ч байдаг.Испани-1982
ХБНГУ Францын тоглолтод германы хаалгач Шумахер довтлогч Баттистоныг 16 метрийн бүсний гадна унагаахад Баттистон ухаан алдан унасан билээ. Шүүгч улаан байтугай шар картаар ч торгосонгүй. 2 шүд нь унаж, тархи нь хөдөлсөн түүнийг эмнэлэгрүү аван явахад Шумахер хэнээс ч уучлал гуйсангүй. Францыхан Шумахертай тооцоо бодох гэж хэдэнтээ оролдоод болиж, германууд хожсон. Дараа нь Шумахер дуртгал номондоо юу хийснээ ойлгосон. Даанч айгаад уучлал гуйгаагүй юм хэмээн бичсэн байна. Тэмцээний дараа эмнэлэгт эргэж очин Баттистон ч түүнийг уучласан юм.Хэсгийн тоглолтын үед шүүгчийн алдаанаас бас будлиан гарсан. Франц Кувейтын тоглолт. Францын баг ээлжит гоолоо хийтэл Кувейтыхан хавсаанаас хийсэн хэмээн хүлээн зөвшөөрөлгүй тоглолтыг үргэлжлүүлэхээс татгалзсан. ЗХУ ын шүүгч Ступар тоглохыг шаардсан ч Кувейтын эмир гарж ирэн багаа аван явсан бөгөөд балмагдсан шүүгч 20 минут орчим эргэлзсэний эцэст гоолыг хүчингүй болгож, тоглолт үргэлжлэсэн. ФИФА гаас Ступарын хөл бөмбөг шүүх эрхийг насаар нь хассан ба Кувейтын хөл бөмбөгийн холбоог 30 мянган доллараар торгох шийдвэр гаргасан.   1983 онд Бразилийн хөл бөмбөгийн холбооны байрнаас Алтан дагина цом хулгайлагдсан хэрэг гарсан. Хуучин цагдаа, банкны ажилтан, зураач болон алт мөнгөн эдлэлийн наймаачин гэсэн 4 хүний бүрэлдхүүнтэй гэмт хэрэгтнүүд хурууны хээ ч үлдээлгүй цомыг аваад арилсан байна. Мэдээлэлд маш их мөнгө амласны дүнд 1983 онд 3 ыг нь барьж, шоронд хорьсон ч цом олдоогүй. 3 жил мөрдсөний эцэст цагдаагийн газар цомыг хайлуулж хэсэглэн зарсан байна гэж зарласан. Гол гэмт хэрэгтэн 1994 онд л нэг юм баригдаж 9 жилийн ял сонсжээ.
Мексик-1986
Англи Аргентиний тоглолтын 51 дэх минутад Марадона гараар гоол хийсэн ч шүүгч анзаарсангүй. 2-1 ээр Английг ялсан Аргентинчүүд дараа нь ХБНГУ ыг буулган дэлхийн аварга болсон. Тоглотын дараа хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид гараар гоол хийснээ юу гэж бодож байна гэж асуухад Марадона энэ бол бурхны гар байсан гэж хариулав. 2002 онд гарсан дуртгал дээрээ Марадона урьд нь би энэ бол бурхны гар байсан гэж хэлсэн. Үнэндээ бол миний гар, өөрөөр хэлбэл би гараараа гоол хийсэн юм гэж бичсэн байна. 2005 онд ТВ нэвтрүүлгээр Марадона Английн хаалгач өндөр байсан болохоор би гараа өргөсөн юм. Гэхдээ би Англичуудаас уучлал гуйх ч үгүй. Энэ гоол бол муусайн англичууд манай Фолклендын арлыг булааж авсаны хариу юм гэж хэлсэн.Итали-1990
Голланд Германы тоглолт. Голландын Райкаард тоглотын эхнээс л Фёллерыг унагаан зууран ер тоглуулахгүй байв. 18 минутад Фёллерыг дахин унагаахад нь шүүгч шар картаар торгоход шүүгчийн нүдийг хариулж байгаад Фёллер луу нулимж орхив. Уурласан Фёллер эргэн дайрсан ч адилхан шар карт аваад чимээгүй боллоо. Тоглолт сэргэн хаалттай цохилт хийхэд Фёллер Голландын хаалгачыг арай мөргөлгүй унахад Райкаард гүйж очин чичэн дайрж дахин хэрэлдэж эхлэхэд нь шүүгч хоёуланг нь улаан картаар торгов. Энэ үед Райкаард дахин Фёллер лүү нулимсан билээ. ТВ гээр үзэж байсан хүмүүс ч шоконд орж, нилээд шуугийн тарьсан.
АНУ-1994
1994 оны 6 сарын 22. Колумбын багийн хамгаалагч Эскобар Америктэй хийсэн тоглолтын үеээр өөрийн хаалганд бөмбөг оруулж, баг нь ч ялагдан хэсгээсээ гаралгүй нутаг буцсан. 7 сарын 2 нд хөл бөмбөгийн фанат Муньос Медельин хотын нэгэн баранд Эскобарыг буудан алсан. Шүүх Муньост 43 жилийн ял өгсөн байна. Шүүх хурал дээр Муньос муу тоглосных нь төлөө Эскобарыг шийтгэсэн юм гэж хэлсэн гэнэ. Аргентин Нигерийн багийн тоглотын дараа хийсэн сэргээшийн шалгалтаар Марадонагаас сэргээш илэрж, 15 сар хөл бөмбөг тоглох эрхээ хасуулсан. Гректээ хийсэн тоглолтод гоол хийснийхээ дараа Марадона камерлуу гүйн ирж хашгарсан ба тэр үеийх нь нүүр царай яав ч эрүүл хүнийх биш байснаас сэжиглэлд өртжээ.Франц-1998

Захиалсан тасалбар нь алга болсон олон мянган балиашиг ФИФА д эсэргүүцэл илэрхийлсэн. ФИФА бие даасан мөрдлөгө явуулсаны дүнд Камеруны хөл бөмбөгийн холбоо тасалбарын наймаа хийснийг тогтоож , Камеруныг тодорхой хугацаагаар тэмцээнд орох эрхийг нь хассан. Холбооны ерөнхийлөгч нь 5 жилийн ял сонсжээ.
Эх сурвалж : http://blog.dusal.net/sugaraa/

No comments yet

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: