Мөнгө гэж юу вэ?
Мөнгөний тухай ойлголт нь хүний амьдрал болоод эдийн засгийн харилцаатай салшгүй холбоотой боловч цаг хугацаанаас хамааран ялгаатай зүйлүүдээр илэрхийлэгдэж байсан. Австрийн чиглэлийн эдийн засгийн сургаалийг баримтлагч Людвиг вон Мизес /Ludwig von Mises/ мөнгийг эд бараан мөнгө, бэлэн мөнгө, бэлэн бус мөнгө гэж гурван төрөлд ангилсан. Эд бараан мөнгө нь солилцооны /бартерийн/ эдийн засагт түгээмэл хэрэглэгдэж байсан бөгөөд үүний хамгийн дэвшилтэд түгээмэл хэлбэр болох алт, мөнгөн зоос нь 17-р зууны эхээр Европт хамгийн түгээмэл мөнгө болж хэрэглэгдэж байжээ. Эд бараан мөнгөний маш олон сул талыг халсан мөнгө болох бэлэн мөнгө нь үндсэндээ цаасан ба зоосон хэлбэртэй бөгөөд анх Хубилай хаан өргөн дэлгэр газар нутагтаа цаасан мөнгийг эдийн засгийн харилцаанд нэвтрүүлсэн гэж түүхийн зарим сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Орчин үеийн техник технологийн өндөр хөгжилтэй эдийн засгийн харилцаанд цаасан болон зоосон мөнгө нь бэлэн бус мөнгө буюу бэлэн бус төлбөр тооцооны хэрэгсэл болох төрөл бүрийн чек, төлбөрийн карт, бэлэн бус мөнгөн шилжүүлгүүдээр солигдож байна. Хэдийгээр мөнгө гэж юу вэ? гэдгийг яг нарийн тодорхойлох боломжгүй боловч өр болон бүтээгдэхүүн, үйлчилгээний эцсийн төлбөрийн хэрэгсэл гэж нийтээр болон хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн зүйлийг мөнгө гэнэ гэсэн тодорхойлолт байдаг. Мөнгө нь эдийн засагт дараах үүргийг гүйцэтгэж, дараах шинжийг хадгалсан байдаг. Мөнгө нь эдийн засагт
1) тооцооны нэгж,
2) солилцооны хэрэгсэл,
3) өртөг хадгалах,
4) зах зээлийн хөрвөх чадварын хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг. Мөнгө нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хуулиар баталгаажсан, хэрэглэж, зөөвөрлөхөд хялбар, тооцооны хамгийн бага нэгж болж чадах, нийлүүлэлт нь хязгаарлагдмал, гэх мэт үндсэн шинжүүдийг хадгалсан байдаг.