Skip to content

Монголчууд ямар байх ёстой вэ?

August 18, 2007

1.Хувьсан өөрчлөгдөхийн утга

Одоо юм бүхэн өөрчлөгдөж байна. Ер нь хувьсаж өөрчлөгдөнө гэдэг орчлонгийн мөнхийн хууль л даа. Гэхдээ Монголд аливаа юм харьцангуй түргэн, бүр эргэлзэж гайхмаар эсрэгээр өөрчлөгдөх нь хачин. Өнөөдөр намгийн мэлхий хиймэл жигүүртэй болчихсон нисэж дээдсийн титэм дээр шүлсээ хаяж байхад будаа түүдэг байсан тагтаа мах иддэг болчихоод хажуугаараа өнгөрсөн нохойг улаан нүдээр харж “Зовлогыг чинь тонших үе ирнэ дээ” гэж битүү занаж байна. Ийм атаа хорсол, занал зүхлийн гэмээр далд аниртай ахуйд Монгол хүний зан чанар эрс өөрчлөгдөж байна. Хүнийг үнэлдэг үнэлгээ, шалгуурууд ихэд шинэчлэгдэж харыг цагаан, хатууг зөөлөн гэж үзэх боллоо. Хуучин цагийн гүндүүгүй, томоотой, нуруутай, хүн сайтай гэх зэрэг үнэлгээ нь орчин цагт “мангар, амьдрах чадваргүй, хонины морь” гэсэнтэй дүйж байна. Ямар ч аргаар хамаагүй баяжсан, далд бизнес хийчихдэг, морь уяж, мөнгөн бүс бүсэлдэг хүнийг орчин үед манлайн дээд хэмээн үзэж хууль түүний уланд гишгэгдэж гууль бүү хэл үхсэн царцааны сэг болж байна. Тийм л манлай нараас их хурлын гишүүн тодорч төрийн аварга үйл хэрэг өрнөж, авилга хээл хахуулийн салхийг хөгжөөн цаг хугацааны чанад руу нүүж явна. Нохой нохойгоо барьж, нам намаа хэмлэж, лам биднийгээ тайвшруулавч луйврын засаглал ээлж халаагаа авалцаж Монгол хүний ааш араншин өөрчлөгдсөөр… Аль нь зөв аль нь бурууг хэлэх амьтан байхгүй учир дур дураараа оршихын гайхамшгийг үзэж амсаж нэг хэсэг нь баяжин гаарч, нөгөө хэсэг нь ядууран цөөрч байгаа нь орчлонгийн хувьсан өөрчлөгдөхийн хууль буюу.

2.Шинжин тунгаахын утга

Ийм цаг үед Монгол хүн ямар байх ёстой вэ? гэдэг нь тодорхой бөгөөд нэг их ухаан зарах асуудал биш. Юуны урд маш шунахай байх нь аливаа үйл хэргийн үүд болно. Өнөөдөр шунахай хүний өмнө алт мөнгө, алдар нэр, авгай хүүхэд өөрөө гүйж ирдэг болсон. Шунал ихэдвэл унал ихэднэ гэсэн үг аль хэдийнэ утга чанараа алдсан билээ. Суусан газраасаа шороо атган босож байгаа хүн л тун удахгүй тэнгэрийн умдаг атгаж байна. Тэгэхээр шунахай сэтгэл бол Монгол хүн байхын гол хэмжүүр болох нь тодорхой. Мөн атаа хорслоос Монгол хүнийг ангид авч үзэх аргагүй. Гэхдээ энэ нь шунахай сэтгэлээс бас ангид зүйл биш шүү дээ. Шунахай хүн атаач байна. Атаач бол цэжинд нь хорслын гал асаж байгаа. Өнөөдөр Монголд хоёр зэргэлдээ ТҮЦ-ийн нэг нь шатахад нөгөөхийн эзэн учиргүй баярлах юм уу, нэг оюутан шалгалтанд унахад бас найз нь дотроо алгаа ташин дэвхцэх нь ерийн амьдралын хэвшил боллоо. “САПУ” худалдааны төвийг шатахад хичнээн амьтан баярлаж, хүний зовлонгоор дарс нэрж уув. Элбэгдоржийн засгийн газрыг ощроход М.Энхсайхан, Ж.Наранцацралт нар хэрхэн баярлаж орчин үеийн Монгол хүн гэдгээ хичнээн уран харуулав. Муу гаалийн Баатарыг тээглэж унахад намын нөхдөөс эхлээд хичнээн хүн баярласан гэхэв дээ. Энэ бүгдээс үзэхэд манай Монголчууд хичнээн гоё атаархуу хүмүүс вэ гэдэг нь харагдана. Тэр бүхний цаана төрөл бүрийн шуналын сэтгэл оргилж байна гэж бодохоор Монгол орон маань дэлбэрэх нь дөхөж байгаа галт уул шиг харагдах нь хачин. Өнөөдөр нэгэнт нүглийн тухай ойлголт устаж үгүй болсон болохоор Монголын хөгжлийн гарцыг шунахай сэтгэлд л хайх хэрэгтэй юм. Тэнд энэрэнгүй зөөлөн бүхэн хүлцэнгүйгээр суудлаа тавьж өгч байдаг. Шуналын оргилд хүрсэн хүмүүс “энэрэнгүй зөөлөн хүнийг эдийн тэнгэр ивээдэггүй” гэж орой руу хүйтэн ус цутгах шиг үнэн үг хэлнэ. Дотоод гэрэл гэгээ бүдгэрэх тутам Монгол хүн баяжина гэж бодохоор ариусал гэгээрлийн номлолоор явж байсан өдрүүд уйтай санагдаж өөрийгөө ад үзнэ. Тэгэхээр эргэцүүлэн бодно гэдэг ч дэмий хэрэг болох нь тодорхой юм. Ерөөс л бодохгүй шууд хүчлэн зүтгэх л бидэнд хэрэг болно.

3.Бодохгүй өгүүлэхийн утга

Бодохгүй өгүүлэх буюу бурах нь монголчуудын амьдралын хэвшилд орж буй шинэ биш мөртлөө бас хуучин биш үзэгдэл юм. Бодно гэдэг нь илүү цаг зарцуулсан, ноомой хүлцэнгүйн илрэл. Нэг үе “Уншихаа болихоор сэтгэхээ больдог” гэсэн үг байлаа. Ийм үг ухагдахуун бол өнөөдөр шалны алчуур болсон. Унших гэдэг нь бодохын угтал, бас бодсоныг хүртэх хэлбэр учир илүүтэй номхорч хүлцэнгүйн балчигт гүн шигдэнэ гэдгээс орчин үеийн Монгол хүн илэрхий айдаг боллоо. Уншиж юм уу, элдвийг эрэгцүүлэн бодож суусан дорвол автобусны хаягдсан тасалбар түүж явсан нь илүү ашигтай. Яагаад гэвэл тийм тасалбарыг мөнгө хураагчид атгуулж ашиг хувааж, таван төгрөг унагах нь үдшийн жаргал. Эсвэл аллага таллага, авилгын мэдээтэй сонин гарчиглан сэтгэлийн хорслоо буцалгаж суух эрхэм буюу. Шар мэдээний цомог болсон сонинууд Монголчуудын оюуны өлсгөлөнг дарж байна. Тийм мэдээнүүд нь элдвээр эргэцүүлэн бодож оюунаа ядраах албагүй учир ааш араншингийн амьд тэжээл болно. Монголчуудын уншилттай холбогдуулж орчин үеийн зан араншингийн нэг шинжийг тодруулан хэлэхгүй бол болохгүй. Орчин үед Монголчууд бэлэн юманд нугасгүй боллоо. Бие биеэсээ өрсөн бэлэнчилж байна. Төр засгийн өндөрлөгийн түвшинд сайд дарга нарын суудал мөнгө төгрөг, одон медаль, алдар нэр бөөндөж байхад ардын хүрээнд бэлчээрт яваа мал, гудамжинд тавьсан машин, банкинд байгаа мөнгийг бэлэнчлэн авч байна. Энэ нь нөгөө шунал гэгч гол чанартай маань л холбоотой хэрэг л дээ. Эцэст нь монгол хүн ямар байх ёстой вэ? гэдэгт бодолгүй хариулах нь өнөөдрийн амьдралын өнгө аяст бүрэн тохирно.

Монгол хүнийг гаднаас харахад:

Хүйтэн ихэмсэг, гаднын хүнд илт бөхөлзөж, дорд хүмүүсийг үл тооно. Зузаан үйтэн хуаран дээл дээр 5 кг орчим мөнгөн бүс бүсэлж, эсгий оймстой угалзтай ширэн гутал өмсөж, дарсны дашмаг шиг хөөрөг өвөртөлсөн байна. Бурхан таарвал сүжигтний төрх үзүүлэн мөргөх буюу буга таарвал илт шадарлан нөхрөө зааж өгөн газарчлан одно. Эхнэрээ илүү амраггүй гэх боловч садар самууны газар сархдыг хөнтөрч сарны туяаг ээдүүлэн бусдын жаргалын сүүг гашилгана.

Дотоод сэтгэлийг шинжвээс:

Өдөр шөнийг үл харгалзан шуналын галыг бадрааж, өнгө, мөнгөний газар илт мишээж шарвалзаж анд нөхөр, амраг ханиа мартан харанхуйн дунд яргаж одох чонын төрхийг үзүүлнэ. Цаг хугацааг үл ажран мөнх орших мэт авирыг үзүүлэн эрлэгийн элчийг хүртэл номхотгоно хэмээн шогийн бурхдыг инээлгэнэ. Ийм л үедээ Монгол хүн хөөрхөн гэж тэнгэр хүртэл дуу алддаг аж.

4.Чинадад үл нэвтрэхийн утга

Нэг үе Монголчуудын дунд гэгээрэх, улмаар чинадын орон зайд нэвтрэх, цаашлаад хойд насны тухай нэг үзэл ухамсар тэнэж явсан юм. Өнөөдөр тэр үзэл ухамсар бүү хэл үхэл гэдэг ч утгагүй болж байна. Мөнгөтэй бэлтэй, албан тушаалтай яваа хүнд үхэл ирэхгүй хэмээн үздэг болж. Хэрвээ үхэл гэгч гайхал ирвэл эрлэг Номун хааныг авилгадна гэсэн ойлголт сүрхий газар авч байх шиг байна. Тэгэхээр бусдын төлөө өөрийнхөө төлөө сайн үйлсийг бүтээж чинадын оронд нэвтрэх тухай ойлгоц бүрэн унтарсан хэрэг. Монгол хүний зан чанарын гайхам өөрчлөлт бол энэ унтарсан үйл хэрэгтэй холбоотой. Сүжиггүй, сэжиггүй хүн юу ч хийж мэднэ гэсэн хоцрогдсон нэг үзэл байлаа. Энэ нь нэг бодлын ардчиллаар замнаж яваа өнөөдрийн Монголчуудад харш номлол. Гэхдээ энэ номлол зарим талаараа Монголчуудад ашиг тусаа өгч байна. Сонин хэвлэлээс ажиглаад байхад эмээгээ, ээжийгээ, ахаа, дүүгээ, аавыгаа хэдэн төгрөгийн төлөө егүүтгэх нь юу ч биш боллоо. Өөртөө таалагдаагүй төрийн албан хаагчийг ч мөн адил дуусгаж байгаа. Энэ нь ардчилсан нийгмийн дургүйцлээ илэрхийлж байгаа хэлбэр биз. “Эрс шинэчлэл хийнэ” гээд байгаагийн мөн чанар ч юм билүү, бүү мэд. Ямартаа ч сүжиггүй, сэжиггүй нийгэмд хүн өдөр шөнөгүй нийгмийн шалгаралд орж ялтны тоо олширч, ер бусын авангард өгөгдөхүүнийг бий болгоно. Тэгэхээр амьд явна, амьдарна гэдэг утгагүй ч юм шиг. Зарим нь нийгэмд болж буй энэ үйл явцыг далд фронттой дайн гэнэ. Энэ дайн хэзээ дуусахыг бүү мэд. Монгол хүн ямар байх ёстой вэ? гэсэн нэгэн асуулт цаг хугацааг дамжин нэг бүдэг, нэг тодоор дуу авиа үүсгэн ирэвч элдэв саарал зураг болон намрын навчистай хөлд унаж байна. Тэр чинадад нэвтрэх хаалгыг битүүлэн хорлонтойгоор гаслан унах нь хачин. Яавч тэр Монголчууд бидний өнөөдөр бурханчлан дээдлээд байгаа зураг мөн. Хачин юм.

Н.Даваадаш

One Comment leave one →
  1. byambaa permalink
    August 18, 2007 7:46 am

    uuriin chin heldeg unen shuu.

    hezee neg orvongooroo uurchlugduhiin buu med. gadaadad suraad tugsuud yum hiie gej ochson zaluus deedsuuded daragdaad tednees suraltsaad setgehui ni bas uurchlugduu bh shig.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: